Тэмүүлэл төсөл хэрхэн эхэлсэн бэ?

МАЗААЛАЙ хиймэл дагуулыг зохион бүтээсэн инженерүүд Монголдоо буцаж ирээд өөрсдийн зорилго хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хийж болох дараагийн алхам буюу “эх орондоо хиймэл дагуул хийж хөөргөх” зорилго өвөрлөн Монгол улсын хоёр дахь хиймэл дагуулын төслийг эхлүүлсэн бөгөөд, уг төсөл нь ТЭМҮҮЛЭЛ гэдэг нэртэй болжээ.

Тэдний хүсэл мөрөөдөл юу байв?

МАЗААЛАЙ хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын технологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж, судалгаа шинжилгээний ажил хийж, харь оронд суралцсан төгссөн тэдэнд Монголдоо буцаж ирэх нэг шалтгаан байсан нь тэдний МӨРӨӨДМӨЛ байв. Тэд бүгд ганцхан зүйлд зорьж байв.

Тэр нь “Монгол Улс технологиороо дэлхийд төдийгүй нарны аймагтаа тэргүүлэх улс болох” юм. Үүний тулд сансрын технологийг эзэмших нь маш чухал. Худалдан авагч, эсвэл хэрэглэгч байх нь технологиороо тэргүүлэгч улс болоход дэндүү хангалтгүй.

Яагаад гэвэл, сансрын технологийг эзэмшинэ гэдэг нь ямар ч нарийн төвөгтэй, хүнд хэцүү нөхцөлд ажиллах чадвартай технологи бүтээж чаддаг болно гэсэн үг юм. Сансрын технологи нь өөрөө маш олон ШУ-ны салбарыг хамарсан, судалгаа шинжилгээ, инженерчлэлийн нарийн ур ухаан шаардсан технологи байдаг тул сансрын хөлөг бүтээн бий болгоход суралцсан хүн ямар ч салбарт ажиллаж улс эх орноо хөгжүүлэхэд хувь нэсрээ оруулж чадах юм. Өөрөөр хэлбэл, САНСРЫН ХӨЛӨГ хийж сурсан хүн газрын хөлөг (машин), гар утас, компьютер гэх мэт элдэв төхөөрөмж хийж чадахтайгаа бололгүй дээ. Мэдээж энэ бүх ажлийг ганцхан хүн хийчихдэггүй нь ойлгомжтой.

ТЭМҮҮЛЭЛ төслийн зорилго юу вэ?

Шинжлэх ухааны судалгаа, шинэ технологийн туршилтыг сансарт хийх боломжтой кубсат ангиллын хиймэл дагуулыг Монгол улсад бүтээж, Сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, аргачлалыг суралцах, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх нь тэмүүлэл төслийн гол зорилго юм.

ТЭМҮҮЛЭЛ төслөөр юунд хүрэхийг зорьж байгаа вэ?

  • Хиймэл дагуулын даалгаврын төлөвлөгөөнөөс эхлээд хиймэл дагуул орбитоос гарах хүртэлх цогц процессын тухай систем инженерчлэлийн мэдлэгийг инженер, судлаач, оюутнуудад олгох.
  • Монгол инженер судлаачдын юм хийж бүтээх чадварыг харуулж, дотоодын инженер судлаачдад итгэх итгэл үнэмшлийг дээшлүүлэн, олон нийтийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх.
  • Сансарт туршигдсан өөрийн гэсэн хиймэл дагуулын бааз систем, технологитой болох, цаашид өөр хиймэл дагуул хийхэд энэ төслийн хүрээнд нэгэнт туршигдаж батлагдсан арга технологио ашиглах
  • Монгол улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд академик болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад Тэмүүлэл төслөөр дамжуулан бодитой хувь нэмэр оруулах.